Би дээхнэ эргэн тойронд чинь хогийн сав харагдахгүй байвал хогоо шууд байгаа газараа хаяж болно гэсэн үг хэлж байсан билээ. Гэхдээ хогийн сав харагдахгүй байсан ч хогоо та энэ дүрмээр доороо хаячихвал бүдүүлэгт тооцогдоно гэж.
Хая гэчихээд хаячихаар бүдүүлэг гээд байгаагийн учрыг ойлгодог уу. Магад заримых нь бодож байгаагаас шаал ондоо утгатай байж болох юм. Тиймээс би жаахан дэлгэрүүлье.
Хог хаяхыг хориглоно. Хаявал торгоно гээд хэн нэгэнд хаясан этгээдийг торгох эрх өгч болох юм. Уг эрх бүхий этгээд учиргүй алт шиг сайхан хүн байж болно. Торгох эрхийг өгөхийн өмнө шалгалт энэ тэр аваад Монгол улсад хэдэн худаг байдаг вэ /Дэлгэрмаа гэдэг хүн бичсэн байсан/ гэсэн асуулт асуугаад тэнцэнэ гэсэн үнэлгээ өгчихсөн болохоор алт шиг ангилалд орсон байх.
Тэгсэн алтлаг биш, бүр мөнгөлөг ч биш, хог шиг этгээд байхыг хэн мэдэх билээ. Тэгээд нэг муу торгодог ажил хийлгэхээр алт шиг хүн олдоод байдаг ч үгүй биз. Тиймээс амьтны ул шагайгаад торгох ажил хийж байгаа гарууд ихэвчлэн Монголын гудамжинд сүрэглэгч цагдаа нар шиг этгээдүүд байж таарна.
Нөгөөдөх чинь ажлаа хийхийн тулд яаж болох вэ. Хогийн саваа нуучихаж болж байна. Тийм биз. Та хогоо тэврээд яваад байлтай нь биш сэмээрхэн хаяад орхитол шөнийн 12 цагт явган хүний гарцны гэрлийг ажиллуулчихаад машиндаа гэрлээ унтраагаад хүлээж байдаг Монголын автын цагдаа шиг гэнэт үсэрч гарч ирээд чамайг торгоно. Яахын, Худагны тоог хэлээд авчихсан эрх нь байна. Ингүүлэхгүйн тулд гэрэл дохио тавьтал яасан гэнэв, Вита нэг юм бичицэн байна лээ. Тиймээс хуулинд уг заалтыг оруулжээ.
"ХОГИЙН САВ ХАРАГДАХГҮЙ БОЛ ТА ХОГОО ХАЯЖ БОЛНО" гэдэг нь торгодог гарыг хогийн саваа битгий нуу гэсэн утгатай болохоос бүдүүлэг байж болно гэсэн утга байхгүй.
Автын тухай ярьсных үргэлжлүүлээд Монголын замын хөдөлгөөний журмаас нэг зүйл хэлье. "Эргэн тойронд гарц харагдахгүй бол явган зорчигч зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү орж болно. Тэгээд тэндээ давуу эрхтэй".
Энэ сүүлийн өгүүлбэрийг хальт уншингуутаа, үнэндээ уншаад биш сонсоод байх, бүгд зам дээрээ бэлчсэн. Ойрхон гарц харагдаж байсан ч хамаагүй шууд л зам руу алхана. Сандарсандаа баахан цагаан шугам зураадахтал бүр эсрэгээрээ юм болж зам нь тэр чигээрээ гарц болж хувирсан. Одоо замын хөдөлгөөний журамд гарц харагдахгүй бол гарцгүй газраар гарна гэдэг заалт байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй. Гарцгүй газраар гарч байгаад /10 м-ийн цаана гарц байсан ч хамаагүй/ дайруулахын бол хохь нь болдог ш дээ. Уг нь энэ заалтыг хэн нэг сагсуу жолооч хэн нэгнийг гарцгүй газраар гарсных нь төлөө дайрч алчихаад би давуу эрхтэй байсан гээд солиороод байх боломжгүй болгох гэж оруулсан байх. Харин эсрэгээр нь машингүй гарууд нь үхэр болж хувирангуут хотынхоо төвд үхрийн хашаа барьсан. Худлаа гэвэл их дэлгүүрийн урдуур алхахдаа хараарай.
ЯВГАН ЗОРЧИГЧ ГАРЦГҮЙ ГАЗАР ДАВУУ ЭРХТЭЙ гэдэг нь жолоочийг битгий хүн дайраад алчих гэсэн утгатай болохоос хүмүүс зам дээр үхэр шиг бэлчиж болно гэсэн утгатай биш байх уг нь.
Хүний эрхэд хэн нэгнийг ямар ч шашинтай, ямар ч шүтлэгтэй байж болно гэж байдаг. Юу гэж ойлгодог вэ.
Хэн нэгэн жижигхээн хурган заль сурчихаад бусдыг бэлгийн, эд материалын, тэр бүү хэл амь насанд нь халтай үйл хийгээд байж магад учир зогсоох ёстой. Энэ бол нийгмийн үүрэг.
За тэгэнгүүт ийм тийм шашин шүтэж болохгүй гээд хууль гарчихлаа. Энэ хуулийг чинь нөгөө худгийн тоо мэддэг гарууд хэрэгжүүлнэ ш дээ. Тиймээс хэн нэгэнд хал балгүй мухар сүсүгтнийг далимдуулаад бусад эрхийг нь зөрчөөд хөөж туугаад ялгаварлаад гадуурхаад тэр бүү хэл алаад, цаашилбал загалмайтны аян дайн хийгээд унаж магад учир ямар шүтлэгтэй байх нь хамаагүй гэсэн заалт тэр хүний эрхийн хуулин дотор байна. Түүнээс биш шүтээн шүтээд хүүхдээ лам болгоод, өөрөө бөө дагаж гүйснээ, төр нь уул тахиад байж болохгүй. Хэлэхээр хуулинаас шүтэж болно гэсэн заалт надад уншуулах гээд байх нь онигоо биш үү.
Хог хаяж болно гэхээр хог хаяад унавал бүдүүлэг. Хотоо нэг хар даа.
Гарцгүй газраар гарч болно гэхээр зам дээр бэлчээд байвал үхэрлэг. Хашаа барихаас аргагүй.
Шүтэж болно гэхээр шүтээд унавал мухар сүсэгтэн. Маллахаас яахын.
Хэн нэгэн Буддизмыг судалж болно. Гэхдээ Ганданд очиж ном уншуулах, Чингисийн хөшөөг аравнайлах чинь онигоо ш дээ. Хэн нэгэн бөөлж болно. Гэхдээ төрийн тэргүүн нь уул тахихаар алтан медаль... шившиг ш дээ.
Уул тахисан гар нь алтан медаль авах гэж тахиагүйгээ, тэр бүү хэл тахингуут алтан медаль ирж байгаа юм биш гэдгийг ч хүртэл мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ тэр нь сонин биш. Хамгийн гол нь даган баясагчид нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэмшиж чадаж байгаа нь илүү сонин. За сонин ч юу байдгийн, шившиг.
Хүн өөрийгөө маш өндөр үнэлгээтэй байлгах ёстой. ХҮН болох эрхийг Бурханаас авч яах гэж энэ цагт, энэ Монгол газарт төрснийхөө хэргийг гаргах байх. Гэхдээ амьдралын зорилго гэж юу юм бээ.
Хүн шиг амьдрахын тулд биш зүгээр л учиргүй таашаалтай амьд байхын тулд өөрийнхөө оюуны хүчийг, өөрийнхөө биеийн хүчийг, өөрийнхөө биеийг, эсвэл зүгээр л нэг багадаа байсан ч юм уу үгүй ч юм уу арьсан дээрх толбыг үнэлчихээд хэн нэгэнд юугаар ч хамаагүй зарж иднэ гэсэн үг биш ш дээ.
Идсэн хоолоо биеийнхээ дунд хэсгийн булчингийн ажиллагаанд энерги болгож байгаа хэсэгт л зөвхөн янхан сэтгэхүй нь байдаг юм биш. Оюуны хүчээ гаргахад ашиглаж байгаа хэсэгт ч байж болдогийг яагаад янхандах ч юм уу эсвэл хоёр эхнэртэй байж болохыг хүн төрөлхтөн эсэргүүцээд байгааг ойлгохгүй дээд боловсролтонгуудын хэлсэн үг, бичсэн нийтлэлээс харж болно. Хэн нэгэнд янхан шиг бүү бай гэхээр -За би янхан шиг байхгүйг хичээнээ, гэхийн оронд чи ч гэсэн янхан шиг гээд байгаа оюунтанлаг хүнээс харж болно. Яахав хүүхдүүд томрохоороо наадах цаадахыг салгадаг болох байлгүй дээ. Гэхдээ салгаж чадалгүйгээр хөгширцөн гаруудыг яах вэ.
Эцэст нь янхан сэтгэлгээтэй "оюунлагууд" хийгээд хүний нийгмийн зөв гольдрол гэдгийг ухахаасаа өнгөрсөн шүтээн шүтэгчид сонголтоо хийхдээ өөртөө найдах бус хэн нэгэн хүнд найдан хийдэг аж. Алт шиг сайхан хүнийг хайгаад олохгүй болохоороо илүү алт амалсанд нь саймшран гүйснээ хуухнагаараа тор нэхүүлдэг аж.
За дээр ярьсан хоёр хэсэг бол учиргүй чухал ч биш л дээ. Энэ хоёроос улбаалаад "хуухнагны арьсан тор" их сонин. Дараагийн хэсэгт үргэлжлүүлье.

Сэтгэгдэлүүд:
bas ulsuudiig tsugluulaad
uchriig tungaagad yuniig yaj medehiin tohiroo byrdeh ch yum bilyy
Сэтгэгдэл үлдээх: